2010-07-09
13-р бүлэг.

Туршуул ашиглах

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: зуун түмэн эрчүүдийг мянган бээрийн цаана болох дайнд босгоход, Эзэн Хааны ба ард тариачдын зардал нэг өдөрт мянган алтан зоос болдог. Дотоод мөн гадаад байдал тогтворгүйжиж, 70 түмэн гэр бүл зүдэрч ажлаа хийж чадахаа болино.

 2. Нэг нэгэнтэйгээ олон жил хатгалзан дайтах боловч, ялалтыг нэг л өдөрт шийддэг. Ийм цагт цол хэргэм, шагнал мөнгө харамлаж, дайсны байршлыг мэдэхгүй гэдэг энэрэнгүй чанарын ба хүнлэг ёсноос гажууд, мунхагийн дээд болно. Хайрлан харамладаг нь эрчүүддээ жанжин биш, Эзэн Хаандаа туслагч, Ялалтын эзэн байж чадахгүй.

 3. Энэ учраас, гэгээрсэн Хаад ба мэргэн Жанжин нар хөдөлж бусдыг дарж ялдаг байсны учир нь бүгдийг түрүүлж мэдэж байсанд юм.

 4. Эрдэм мэдлэгийг бурхад чөтгөрөөс авч болдоггүй, харьцуулан шалгаж олж чадахгүй, мөн олон өдрийн тооцоогоор олж дийлэхгүй. Дайсны дотоод байдлыг зөвхөн хүнээс олж болно.

 5. Энэ учраас, тагнуул туршуул дотроо 5 янз байдаг: нутгийн туршуул, дотоод тагнуул, эргэсэн тагнуул, үхлийн тагнуул ба амьдралын тагнуул.

 6. Энэ тагнуул туршуулын таван янз нь ажиллахад, тэдний замыг мэдэж үл болно. Үүнийг Ухаарч үл болох нууц гэнэ. Энэ бол Эзэн Хааны эрдэнэс юм.

 7. Нутгийн туршуулыг дайсны нутгийн иргэдээс бүрдүүлж ашиглана. Дотоод туршуулыг дайсны түшмэд бичээчээс бүрдүүлэн ашигладаг. Эргэсэн туршуулыг дайсны туршуулыг өөрийн болгож ашиглана. Би ямар нэгэн хуурмаг юм сэдэж байвал, уг туршуулуудад мэдэгдэхэд тэд дайсанд мэдээ хүргэдэг. Энэ бол үхлийн туршуулууд. Амьдралын туршуул гэдэг, мэдээ сурагтай эргэж ирдэг нэгэн юм.

 8. Энэ учраас цэрэгт туршуулаас ойр хүн гэж үгүй; туршуулд ихдэх шагнал гэж үгүй; тагнуулын хэргээс илүү нууц хэрэг гэж үгүй. Төгс эрдэмгүй тагнуулыг ашиглаж үл чадна; хүнлэг ба шударга ёсгүй тагнуулыг ашиглаж үл чадна; гярхай хурц ухаангүйгээр тагнуулаас үнэн мэдээлэл авч чадахгүй. Нарийн бай! Гярхай бай! Туршуулыг үл ашиглаж болох үе гэж үгүй.

 9. Хэрэв тагнуулын мэдээ хүргэгдээгүй боловч, нууц задарсан бол: тагнуул ба түүний мэдээ хүргэсэн хүн бүрийг устгах хэрэгтэй.

 10. Хэрвээ дайснаа довтлон дайрч, цайзыг нь булааж, хүнийг нь устгахаар шийдвэл, туршуулаа эхэлж жанжных, туслахуудынх нь, харуулынх нь дайчдын нэр усыг мэдэж ав.  Туршуулууддаа үүнийг заавал мэдэж авах тушаал буулга.

 11. Хэрэв дайсны туршуул чамайг ажиглаж байвал, заавал түүнийг ашгаар өөртөө татаж, өөрийн хажууд байлга. Учир нь чи эргэсэн тагнуултай болж, түүнийг ашиглаж болно. Түүгээр дамжуулан чи бүгдийг харах болно. Тэр хүнээр чи нутгийн, дотоод тагнуултай болж, тэднийг ашиглаж болно. Энэ учраас ямар нэгэн заль мэх хэрэглэвэл, үхлийн туршуулдаа дайсныг төөрөгдөлд оруулахаар явуул. Түүгээр дамжуулан чи бүгдийг мэдэх болно. Үүний дараа амьдралын тагнуулаа өөрийн зорилгын дагуу ашиглаж болно.

 12. Бүх таван төрлийн туршуулын хэргийг Эзэн Хаан өөрөө мэднэ. Гэвч дайсны тухай эргэсэн туршуулаар л мэдэж авч болно. Энэ учраас эргэсэн туршуултай нэн анхааралтай хандах хэрэгтэй.

 13. Эртний цагт Инь гүрэн мандахад Ся гүрэнд И Жи байсан. Жоу гүрэн мандахад, Инь гүрэнд Лю Я байсан. Зөвхөн гэгээрсэн хаад ба мэргэн жанжин нар өөрийн туршуулаа өндөр боловсролтой хүмүүсийг болгож, их хэрэг бүтээдэг.  Туршуул ашиглах бол дайнд хамгийн ноцтой салшгүй хэсэг нь бөгөөд, их цэргээр бүтээдэг хэргийн чухал багана нь юм.

Бичсэн: AmonRa | цаг: 15:45 | Дайтах урлаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


@LetMaidar: Чи чинь унтаад байна уу даа... Тэр нь хаана байна? Хэнд байна? Хэзээ хэн бичсэн, бодит үнэнийг батлах эх сурвалж?
Бичсэн: AmonRa цаг: 02:45, 2011-04-24 | Холбоос | |


Эхлээд Чингис хааныхаа стратэги, таагчигийг судлчих. Дараа нь наад хужаа нараа магт даа.
Бичсэн: LetMaidar цаг: 15:09, 2010-10-23 | Холбоос | |


Дэлхийн бараг эртний тагнуулын онол байхаа тийм үү. Цэрэг дайн гэлтгүй төрийн улсын хэргийг явуулахад тагнуул туршуул их хэрэгтэй байдаг байх аа
Бичсэн: dadido цаг: 14:53, 2010-10-23 | Холбоос | |


Миний бодлоор хамгийн чухал бүлэг нь энэ гэж санагддаг. Асар их мэдлэг туршлага нь нь энэ бүлгээс харагдаад байдгийн.
Бичсэн: AmonRa цаг: 16:33, 2010-08-28 | Холбоос | |


dao blaa
Бичсэн: Зочин цаг: 13:13, 2010-07-10 | Холбоос | |


za copydood avchlaa odoo saihan hevlej bgaad tuhtai unshnaa
Бичсэн: Зочин цаг: 13:12, 2010-07-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax